2017-04-24
Эмийн хэлбэр:
Төрөл бүрийн өвчин эмгэгийг эмчлэх, сэргийлэх зорилгоор эмийн зүйлийг эмнэлгийн практикт хэрэглэхэд тохиромжтой байдалд оруулан бэлтгэхийг эмийн хэлбэр гэнэ. Эмийг найрлаганд нь орсон бодисоос хамааран хатуу, шингэн, зөөлөн хэлбэртэй гэж гурав ангилдаг. 

Эмийн хатуу хэлбэр

Эмийн хатуу хэлбэрт нунтаг,  бэмбий, үрэл, шахмал, мөхлөг, цуглуулга зэрэг хэлбэр орно.

Нунтаг: Нэг буюу хэд хэдэн хуурай хөвсгөр эмийн бодисуудаас тогтсон, гадуур ба дотуур хэрэглэхэд зориулагдсан хатуу эмийн хэлбэрийг нунтаг гэнэ. Нунтаг нь манай тооллоос 3000 жилийн өмнө хэрэглэгдэж байсан эртний эмийн хэлбэр. Нунтаг нь янз бүрийн хэлбэр, дүрс, хэмжээ бүхий хэсгүүдтэй, дисперсийн орчингүй,  бүх талаар чөлөөт дисперсийн систем юм. Эмийн бодисыг жижиглэхэд гадаргуугийн талст бүтэц нь эвдэрч шинэ гадаргуу үүснэ. Үүний дүнд нунтгийн чөлөөт гадаргуу ихсэж эмийн бодисын уусалт сайжирч,хурдан шимэгдэж эмчилгээний өндөр идэвхи үзүүлнэ. 

Нунтгийн давуу талууд: Хурдан шимэгддэг, хэрэглэхэд тохиромжтой, тун нь зөв,  бэлтгэх технологи нь нарийн багаж төхөөрөмж шаарддаггүй хялбар.

Нунтгийн дутагдалтай  талууд: Чийг татаж хөвсгөр байдлаа алдаж чийгтдэг, талст усаа алдана, өөр бусад үнэрийг шингээж өөрчлөгддөг эсвэл үнэрт бодисууд нь дэгдэж үнэрээ алддаг.

Нунтгийн ангилал: Нунтгийн бүрэлдэхүүнд нэг ба хэд хэдэн бодис орж болох ба энэ шинж чанараар  нь нунтгийг дан ба нийлмэл гэж ангилна. Нунтгийн туналалтын байдлаас нь хамааран: нэг удаагийн тунд хувааж бэлтгэсэн байвал тугнасан нунтаг ба тугнаагүй нунтаг гэж, мөн хэрэглэх аргаас нь хамаарч: гадуур хэрэглэх нунтаг, дотуур хэрэглэх нунтаг гэж ангилна.

Нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэх технологи: Нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэхдээ дараах 5 нь үйлдлийн дагуу гүйцэтгэнэ.

1.    Жоронд бичигдсэн эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шийднэ.

2.    Тунг шалгана.

3.    Паспорт бичнэ. Бүх нунтагт орсон эмийн бодисын хэмжээ ба нэг нунтгийн жинг тооцоолно.

4.    Нунтаг бэлтгэх технологийн оновчтой хувилбарыг сонгоно.

5.    Бэлэн болсон нунтгийн чанарт үнэлгээ өгнө.

Нэг дэх үйлдэл: Жоронд бичигдсэн эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шииднэ.

·         Нунтагийн найрлаганд орсон эмийн бодисууд нь хоорондоо нийцэж байгаа эсэхийг харгалзан нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шииднэ. Эмийн бодисууд нь хоорондоо харилцан үйлчлэлцснээс болж эмчилгээний идэвх нь буурах эсвэл хортой нэгдэл үүсч болно. Жоронд үл нийцэх бодис байгаа эсэхийг тодорхойлоход тэдгээрийн химийн шинж чанарыг зайлшгүй мэдэх шаардлагатай бөгөөд энэ зорилгоор үл нийцлийн хүснэгтийг ашиглаж болно. Үл нийцлийн шалтгааныг тогтоосны дараа үл нийцэж буй бодисуудыг тусад нь олгох эсвэл туслах бодисын тусламжтайгаар нунтгийг бэлтгэх боломж байгаа эсэхийг тогтооно.

Хоёр дахь үйлдэл: Тунг шалгана.

·         Нунтагийн найрлаганд орсон хортой, хүчтэй, мансууруулах болон түүнтэй адил бэлдмэлийн нэг удаагийн ба хонгийн тун нь хэтэрсэн эсэхийг шалгана.

Гурав дахь үйлдэл: Паспорт бичнэ.

·         Нунтагийн найрлаганд орсон эмийн бодисуудын бүх нунтагт орох хэмжээ ба нэг нунтагийн жинг тооцоолно. Бүх нунтагт орсон эмийн бодис тус бүрийн жинг олохдоо нэг удаагийнтунгийн  жинг жоронд өгөгдсөн тунгийн тоогоор үржүүлнэ. Нэг удаагийн жинг олохдоо бүх нунтагт орсон нийт бодисуудын жинг нэмээд тунгийн тоонд хуваана. Тооцооны дүнг паспортонд бичнэ.

Паспортонд: жорын дугаар бүх нунтагт орсон эмийн бодисуудын хэмжээ тунгийн тоо, нэг удаагийн жин, бэлтгэсэн он сар өдөр, бэлтгэсэн ба шалгасан хүний гарын үсэг зэргийг бичих ба эмийн санд 12 өдөр хадгална.

Дөрөв дэх үйлдэл:  Нунтаг бэлтгэх технологийн оновчтой хувилбарыг сонгоно. Нунтаг эм бэлтгэх технологийн ерөнхий ажиллагаа

Нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэх технологи нь дараах шатуудаас бүрдэнэ. Жижиглэх, шигших, холих, хуваах(туналах), боож савлах, хаяглах.

Жижиглэх: нунтаг эмийн бодисууд нь маш нарийн ширхэгтэй байх нь эмийн биологийн шингэцэд сайнаар нөлөөлж, эмчилгээний үйлдэл нь хурдан илрэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой учраас нунтаг хэлбэрээр олгох эмүүдийг  хавтгай аль болох жижиглэх шаардлагатай байдаг.  Хатуу бодисуудыг жижиглэхдээ нүдэх, дарж бутлах зарчмыг голчлон хэрэглэдэг ба наалдамхай бодисуудыг үрж тасдах, бутрамтгай бодисуудыг хагалж бутлах, үйрүүлэх зэргээр тохирсон үйлдлийг хэрэглэнэ

Нунтгийг жижиглэлтийн зэргээр нь том ширхэгтэй, дунд зэргийн том, дунд зэргийн жижиг, нарийн, хамгийн нарийн ширхэгтэй нунтаг гэж ангилж ялгана.

Жижиглэсэн нунтгийн ангилал ба шигшүүр

Нунтгийн нэр

Шигшүүрийн материалын дугаар 

Нүхний голч мм

Нүхний хэлбэр

Материал

Хамгийн  нарийн нунтаг

61

0.090±0.015

Олон өнцөгт

Торго

Нарийн  нунтаг

46

0.120±0.020

Олон өнцөгт

Торго

Жижиг ширхэгт нунтаг

35

0.160±0.025

Олон өнцөгт

Торго

дунд зэргийн жижиг нунтаг

32

0.20±0.030

Олон өнцөгт

Торго

дунд зэргийн том нунтаг

23

0.329±0.032

Дөрвөлжин

Капрон

Том ширхэгтэй нунтаг

21

2.00±0.070

Олон өнцөгт

Торго

 

Шигших ажиллагаа

Жижиглэсэн нунтаг эмийн бодисыг шигшүүрээр шигшиж жигд ширхэгтэй нунтгийг ялгаж авна. Шигшүүрийг төмөр утас, торго, капрон, хавтгай нимгэн металл зэргийг ашиглан сүлжих, нүхлэх, торлох зэргээр тодорхой голчтой нүх гаргаж үйлдвэрлэдэг. Шигшүүрүүд нь нүхний голчоороо дугаарлагддаг. Эмийн бодисыг жижиглэх, шигших, холих үед бургиж ам хамар нүдэнд орж салст бүрхэвчийг цочроох тул ялангуяа хортой дэгдэмхий хурц үнэртэй эмийн бодис оролцсон нунтгийг найруулахдаа таглаатай уур шигшүүр хэрэглэж амны хаалт зүүвэл зохино.

Холих ажиллагаа: Нунтаг бэлтгэхэд холих ажиллагаа чухал үүрэгтэй. Эмийн бодисыг эхлээд жижиглээд дараа нь холино. Холихдоо эмийн бодисуудын шинж чанараас хамааран тодорхой дарааллыг баримтална. Холих жижиглжх ажиллагаа нэгэн зэрэг явагдана. Сүүлийн үед энэ зорилгоор жирийн уур нүдүүрээс гадна механик ажиллагаатай уур нүдүүрийг өргөн хэрэглэж байна. Холих үед нунтгийг уур нүдүүрийн  хананаас хусуураар үе үе хусах замаар жигд холино. Холих ажиллагааг нунтаг эмийн холимог жигд болтол үргэлж үргэлжүүлнэ.

Тугнах ажиллагаа

Нунтгийг тугнах ажиллагааг хоёр аргаар хийдэг.

1.    Жингээр тугнах:  нунтгийг жингийн аргаар тугнахдаа хольсон нунтгийг гар дэнсний тусламжтайгаар нэг удаа хэрэглэх тунгуудад хуваана. Нунтгийн дундаж жин нь 0,3-0,5 гр байх ба нунтгийн жингээс хамааран зөвшөөрөгдөх хэлбэлзлийн хязгаарт тохирч байх ёстой. Нунтгийг жингийн аргаар тугнах нь эмийн санд байнга хийгддэг арга.

2.    Эзэлхүүнээр тугнах: Нунтгийг эзэлхүүний аргаар тугнахад тунлуур ТК-3 ба ДПР-1 хэмээх гар ажиллагаатай жижиг багажийг хэрэглэнэ.

Боох: Боохдоо нунтгийн хэрэглэх зориулалт ба эмийн бодисын шинж чанараас хамаарч цаасанд боох эсвэл капсулд савлаж хаяглана.

Хаяглах: Гадна талын уут, хайрцган дээр дотуур ба гадуур гэсэн үндсэн шошги нааж, түүн дээр нь эмийн сангийн дугаар, жорын дугаар, өвчний нэр, хэрэглэх арга, бэлтгэсэн он сар өдөр, эмийн үнэ, нэмэлт хаяг зэргийг бичнэ. Шаардлагатай бол нэмэлт хаяг, анхааруулгыг (Болгоомжил, харанхуй газар хадгал, сэрүүн газар хадгал г.м) нааж, шаардлагатай тохиолдолд битүүмжилж жорын хуулбар бичнэ. 

Энгийн нунтаг эм бэлтгэх технологи

Нэг эмийн бодисоос бүрэлдсэн нунтгийг энгийн нунтаг гэнэ. Энгийн нунтгийг хуваасан дан нунтаг, хуваагаагүй дан нунтаг гэж ангилна. Энгийн нунтаг бэлтгэх технологи нь хялбар байдаг. Шууд уусгаж хэрэглэх тохиолдолд нунтаг эмийн бодисыг жижиглэхгүйгээр шууд олгодог.  Жишээ нь магний сульфат.  Хуваагаагүй дан нунтаг эм- Магнийн сульфатаас 30,0 жигнэж аваад цаасан уутанд хийж олгоно. Усанд уусгаад дотуур олгоно. Хуваасан дан нунтаг эм жор бэлтгэхдээ 3.0 норсульфазолыг жижиглээд 0,5-р жигнэж бооно. Дотуур гэсэн хаяг наана.

Нийлмэл нунтаг эм бэлтгэх технологи

Хэд хэдэн нунтаг эмийн бодис оролцсон хуурай холимгийг нийлмэл нунтаг гэнэ. Нунтгийн бүрэлдэхүүнд орсон эмийн бодисуудын шинж чанарыг харгалзан нунтгийг бэлтгэх аргыг сонгон авах бөгөөд нийлмэл нунтаг бэлтгэх ерөнхий дүрмийг баримталж бэлтгэнэ.

1.    Нийлмэл нунтгийг бэлтгэх технологийг уур нүдүүрийн сонгож авахаас эхэлнэ. Нунтгийн бүх жин нь уурын тохиромжтой ачаалалд ойрхон байх бөгөөд дээд ачааллаас хэтрэхгүй байх ёстой. Үүний тулд нунтгийн нийт жинг бодож гаргана.

2.    Нунтаг эмийн бодисыг холих дэс дарааллыг бодолцон хамгийн түрүүнд уурандаа саармаг чанарын бодисыг авах бөгөөд ийм бодис байхгүй бол их хэмжээтэй бичигдсэн бодисоос авна. Жижиглэхэд бэрхшээлтэй бодисуудыг эхэнд нь авах ба тэдгээрийг жижиглэхдээ спирт буюу эфир нэмнэ. 1,0 гр бодист 5-10 дусал спирт, 10-15 дусал эфир хэрэглэнэ.

3.    Дараа нь эхний бодисоос ууранд хийхдээ дараачийн нэмэх бодисыг хэмжээтэй адилханыг үлдээгээд шингэн ба будагч бодисоос бусад бодисуудыг авч холино.

4.    Талст устай бодисуудыг эхлээд хатааж бусадтай холино. (чийгтэй холимог үүсэхээс хамгаалж)

5.    Хүчтэй үйлдэлтэй ба мансруулах бодисууд 0,05 гр ба түүнээс бага хэмжээтэй байвал 1;10 ба 1;100 гэсэн харьцаатай тритурацийг ашиглана. Тритурацийг бэлтгэхэд туслах чанарын бодис болох сүүний сахарыг авч зохих хэмжээнд хүргэдэг.

6.    Нунтгийн бүрэлдэхүүнд орсон будагч бодисуудыг дунд нь хийж бэлтгэнэ.

7.    Шингэн эмийн бодисыг суулд нь нэмэх ба эдгээр нь нунтгийн бургимтгай хөвсгөр чанарыг алдагдуулахгүй байх ёстой.

8.    Хөнгөн чанарын бургимтгай бодисуудыг хорогдохоос хамгаалан сүүлд нь нэмнэ.

9.    Жижиглэх, боож, савлах, холих ажиллагааг дээр дурьдсан ерөнхий ажиллагааны дагуу хийнэ.

 Тав дах үйлдэл: Бэлэн болсон нунтгийн чанарт үнэлгээ өгөх.

·         Нунтгийн чанарыг мэдрэхүйн эрхтнээр болон физик химийн аргуудаар шалгана. Бэлэн болсон нунтгийг дагалдах бичиг баримтуудыг эхэлж шалгана. Үүнд:

Жор, жорын хуулбар, паспортонд бичигдсэн тооцоо зөв эсэх, Дараа нь эмийн чанарыг шалгана. Үүнд: хаяглалт, савлалт, гадаад байдал, тоо, нунтгийн жин, жингийн хэлбэлзэл. Эцэст нь бэлтгэсэн нунтаг нь чанарын шаардлага хангаж буй эсэхэд дүгнэлт гаргана.

Бэмбий: Энэ нь зөвхөн дотуур уулгах зориулалтаар бэлтгэсэн эмийн хатуу хэлбэр юм. Бэмбий гол үйлдэл үзүүлэгч ба хэлбэржүүлэгч бодис хоёроос тогтоно. Хэлбэржүүлэгч бодисоор нь хөх тарианы гурил, улаан буудайн гурил, төрөл бүрийн усыг хэрэглэдэг. Бэмбийг янз бүрийн хэлбэртэй 0,5-20 граммын жинтэй бэлтгэн малын хэлний уг дээр тавьж гараар буюу бэмбий олгогчоор түрхэн оруулж залгиулна. Бэлтгэсэн өдрөө хэрэглэх шаардлагатай.  

Бэлтгэх арга:  Шаазан ууранд эмийн бодис, хуурай хэлбэржүүлэгч бодисоо жинлэн авч дээрээс нь усаа бага багаар хийж жигд холилдуулан зуурсан гурил шиг болгон зуурмагаа буузны гурил шиг цувиж нарийсган тохирсон тунгаар нь хувааж огтлон бэмбий бүрийг тодорхой хэлбэрт оруулан бэлтгэж өгнө. Бэлтгэхдээ уур нүдүүрт зуурмагийн хэсгийг наалдуулж орхиж болохгүй. Бэлтгэсэн бэмбийгээ хуурай гурилд өнхрүүлэн цаасан уутанд савлаж шошиго хийнэ. Бэмбийг жоронд 4,5-р загвараар бичнэ.

 Үрэл-Pilulae

0.1-0,5 г жинтэйгээр дотуур хэрэглэхэд зориулж бэлтгэсэн бөөрөнхий хэлбэртэй  хатуу эмийн хэлбэрийг үрэл гэж нэрлэнэ. Мал эмнэлгийн практикт үрэлийг шувуу, гахай, мууранд уулгадаг. Үрэлийн хэлбэржүүлэгч бодисоор гурил, ургамлын экстракт, нунтаг, салслаг бодис агуулсан ургамлын холимгийг ашиглана. Бэлтгэх болон жоронд бичихдээ арга нь бэмбийтэй адил байна.

Үрэл нь дээр үеэс хэрэглэгдэж  ирсэн эртний эмийн хэлбэрүүдийн нэг бөгөөд шахмал эмийн хэлбэр гарснаас хойш хэрэглэх нь цөөрсөн боловч уламжлалт эмийн хэлбэрийнг үрэл хэлбэрээр бэлтгэж болно. Үрлийн жин нь 0.1-0,5-ын хооронд хэлбэлзэх ба 4-8мм диаметртэй. Үрэл нь эмчилгээний үйлдэл үзүүлдэг эмийн бодис, үрэлд зохих багтаамж, уян хатан байдлыг олгогч туслах бодис хоёроос тогтсон нарийн бүтэцтэй эмийн хэлбэр юм. Үрэл нь дараах үндсэн шаардлагуудыг хангах ёстой.

1.    Үрэл нь ходоод нарийн гэдсэнд задарч эмчилгээны үйлдэл үзүүлэх ёстой

2.    Үрлийн зуурдас нь уян хатан, харимхай байх ёстой. Үрлийн зуурдас уян хатан харимхай байна гэдэг нь зуурдас тодорхой хэлбэрт орох чадвартай байхыг хэлнэ.

3.    Үрлийн зуурдас нь уян хатан, нягт байна. Ийм биш байвал зөөлөрч гадны хүчний нөлөөгөөр бөөрөнхий хэлбэрээ алдана. Хэрэв нягт байвал савх болгох, цаашид үрэл болгож хэлбэржүүлэхэд бэрхшээлтэй байдаг.

Үрэл бэлтгэх технологи

Үрлийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодисуудыг холих, үрлийн зуурдасыг бэлтгэх ажиллагааг эмийн бодисын физик, химийн шинж чанарт тохирсон шаазан ба хуванцар ууранд хийж гүйцэтгэнэ. Цаашид үрлийг бэлтгэх ажлыг үрлийн машин дээр үргэлжүүлэн явуулна.

Үрлийг бэлтгэх технологи ажиллагаа нь шаттай.

1.    Үрлийн зуурдсанд эмийн бодис нэмэх

2.    Үрлийн зуурдсыг бэлтгэх

3.    Үрлийн савхыг бэлтгэх

4.    Үрлийн савхыг хэрчих

5.    Үрлийн хэлбэржүүлэх

6.    Үрэлд нунтаг цацах, бүрхэх, савлах, олгох

7.    Үрлийн чанарыг үалгах

Үрлийн зуурдсанд эмийн бодис нэмэх

Үрлийн бүрэлдэхүүнд янз бүрийн физик, химийн шинж чанартай олон эмийн бодисуудыг нэгтгэн бичиж болох бөгөөд тэдгээрийн физик, химийн шинж чанарт нь тохируулан туслах чанарын бодисуудыг сонгон авч үрлийн зуурдсыг бэлтгэдэг.

1. Ус ба бусад уусгагчид муу буюу уусдаггүй бодисууд. Үрлийн бүрэлдэхүүнд хортой хүчтэй үйлдэл бүхий эмийн бодисууд бага хэмжээтэй орсон байвал, холихын өмнө эмийн тунг нарийн шалгаж үзнэ. Хортой, хүчтэй үйлдэл бүхий бодисуудыг ургамлын зуурдсан дотор жигд тараах цаашид тэдгээрийг үрэл тус бүрт жигд тунтай тараахын тулд нунтаг бэлтгэх дүрмийн дагуу эмийн бодисуудыг ургамлын нунтагтай холиод дараа нь өтгөн бодистай хольж хөвмөл маягийн уян хатан, харимхай зуурдсыг бэлтгэнэ.

2. Ус, глицеринд уусдаг бодисуудыг бага хэмжээний уусгагчид уусгаад уусмал бэлтгээд дараа нь өтгөн бодисуудтай холиод сүүлд нь хуурай бодис  нэмж уян харимхай зуурдас бэлтгэнэ.

3. Устай холилддоггүй шингэн бодисууд. Ийм бодисыг эхлээд эмульсжүүлэгчийн тусламжтайгаар эмульсжүүлж дараа нь үрлийн зуурдсан дотор хөвмөл, уусмал, эмульс байдлаар тархсан байна. Үрлийн бүрэлдэхүүнд орсон нунтаг эмийн бодисуудыг холихдоо нарийн нунтгийг холих ерөнхий дүрмийг баримтална. Хортой, хүчтэй үйлдэл бүхий эмийн бодисуудыг үрлийн зуурдсанд жигд тараах зорилгоор эхлээд бага зэрэг хэмжээний ус эсвэл өөр шингэнтэй спирт, глицерин хольж нухна.

Зарим тохиолдолд эмийн бодисуудыг сахартай хольж нухах аргыг хэрэглэж болно.   

Үрлийн зуурдсыг бэлтгэх

Эмийн бодисуудын холимог дээр туслах чанарын бодисоос бага багаар нэмж нухаж, үрлийн зуурдсыг бэлтгэх бөгөөд хадгалах хугацааны турш хэлбэр дүрсээ өөрчилдөггүй тийм уян хатан чанартай болгоно. Үрлийн зуурдсыг бэлтгэхдээ эмийн бодисуудыг туслах бодистой нь хольж гурил зуурах мэт зуурч нухаад элдэж бэлтгэнэ. Туслах чанарын бодисыг тодорхой дэс дараалалтайгаар бага багаар  нэмнэ. Эхлээд шингэн чанарын бодисыг авч зөөлрүүлээд дараа нь хуурай бодисыг нэмж холих нь тохиромжтой байдаг. Зуурдас бэлэн болсон нь уур нүдүүрийн хананаас өөрөө аяндаа ховхорч салдгаар тайлбарлагдана.

Үрлийн сав бэлтгэх: Үрлийн зуурдсыг бэлтгэсний дараа түүнийг пергаментан цаасаар жийрэглэж бариад үрлийн машины хавтгай шилэн  дээр тавьж хавтгай хусуур модоор хойш , урагш гулсуулж бөөрөнхийлөн цилиндр хэлбэртэй гөлгөр гадаргуутай савхыг бэлтгэнэ.

Үрлийн савхыг хэрчих: Үрлийн савхыг үрлийн машины  доод хутган дээр тавиад түүний дээрээс дээд хутгыг тавьж нааш цааш нь хөдөлгөж зүсэх байдлаар гулсуулж дарах замаар хөдөлгөн савхыг хэрчмүүд болгон хуваана. Савхыг чадамгай сайн хэрчихэд бараг бэлэн бөөрөнхий үрлүүд үүснэ.

Үрлийн хэрчмийг хэлбэржүүлэх: Бэлэн болсон үрлүүд нь бөөрөнхий хэлбэртэй гадаргуу нь тэгш жигд байх ёстой. Үрлийн зуурдсаар савх савхнаас үрлийг    хийхэд ликоподийг хэрэглэхээс аль болохоор татгалзах хэрэгтэй. Үрлийг агаарт 1-2 цаг байлгаж хатаагаад хэрэв гадаргуу нь тэгш бус байвал дахин бөөрөнхийлнө.

Үрэлд нунтаг цацах, бүрхэх, савлах, олгох: Үрлүүдийг хооронд нь наалдхаас хамгаалж саармаг нунтаг цацах ба тусгай бүрхүүлээр бүрхэнэ. Хамгийн дэлгэрсэн бүрхүүл нь цардуул бөгөөд хэрэв үрлийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодис органик бодистой улвалд орохгүй бол цагаан шавар буюу талькийг хэрэглэнэ. Бүрхэхдээ 30 үрэлд 2,0-2,5г нунтаг оногдохоор бодож үрлийг машины хавтгай шилэн дээр буюу олгох саванд хийсний дараа цацах ба харин бөөрөнхийлөх хөдөлгөөн хийж болохгүй. Бүрхүүлд хэрэглэгдэж байгаа нунтаг нь сайн нунтаглагдаж шигшигдсэн (шигшүүр №1) байвал тэгш гадаргуутай үрэл гардаг. Зарим үед үрлийг муухай үнэр, амтыг далдлах, агаар чийгийн нөлөөнд өөрчлөгдөх, хатах, исэлдэхээс хамгаалах, үрлийг ходоодонд задрахгүй нарийн гэдсэнд задрах болгох, гоёмсог гадаргуутай болгох зорилгоор тусгай бүрэлдэхүүнтэй бүрхүүлээр бүрнэ. Одоо үед хамгийн тохиромжтой нь сахарын нунтагаар бүрхэх арга болоод байгаа нь үйлдвэрт хялбар байдагтай холбоотой юм. Үрлийг цардуулын цавууны уусмалтай хавтгай аяган дотор өнхрүүлээд сахарын холимогтой банкинд хийгээд хэд дахин сэгсэрнэ. Сахарын холимгийн бүрэлдэхүүнд тэнцүү хэмжээний сахар, цардуул байна. Энэ холимог   нь хамгийн нарийн ширхэгтэй нунтаг байх ёстой. Сахарын холимгоор бүрхсэн үрлүүдийг цэвэр шилэн хавтгай аяганд хийж дээрээс нь ижил аягаар таглаад гялалзсан гөлгөр бүрхүүлтэй болтол нь сэгсэрнэ. Бүрхүүл жигд бус болбол дээрх ажиллагааг дахин давтана. Сахар, сахарын холимог, шоколад зэрэг нь үрлийн муухай үнэр амтыг далдална.

Үрлийг олгох, хадгалах: Үрлийг хатуу цаасан хайрцаг ба шилэн банкинд хийж олгодог. Дэгдэмхий бодистой үрлийг сайн бөглөөтэй шилэн банкинд хадгална. Гэрлийн нөлөөнд задардаг бодистой үрлийг гэрэл нэвтрэхгүй саванд хийж харанхуй газар хадгална. Чийгэрхэг бодистой үрлийг цаасан хайрцганд хийхэд чийг нь гадагш нэвтэрч үрэл муудахгүй сайн талтай байдаг. Үрлийг сэрүүн, чийггүй байранд хадгална. Үрлийг удаан хадгалахаар бол түүний задралыг үе үе шалгаж байвал зохино.

Үрлийн чанарыг шалгах: Бэлтгэсэн үрлийн чанарыг шалгахдаа бусад эмийн хэлбэрийн адил жор, паспорт, савлалт, хаяглалт, үнэр, механик хольцыг шалгахаас гадна дараах өвөрмөц шалгуурыг шалгана.

·         Үрэл нь бөөрөнхий хэлбэртэй, гөлгөр хуурай гадаргуутай байх ба зүсч үзэхэд хөндлөн огтлолоороо нэгэн төрлийн байна.

·         Үрлийн жингийн хэлбэлзэл нь +_5%-оос ихгүй байна.

·         Үрлийн задрах хугацаа нь 1 цагаас хэтрэхгүй байна.

Үрлийн задрах хугацааг шалгахдаа 100 мл багтаамжтай шувтан колбонд 37±2° С-ын 50 мл бүлээн ус  хийгээд 1-2 үрэл хийж, секундэд 1-2 удаа хэлбэлзэж байхаар зөөлөн сэгсэрнэ.  

Шахмал: Үйлдвэрийн аргаар тодорхой тун бүхий эмийн бодисыг шахаж нягтруулан бэлтгэсэн эмийн хэлбэр юм. Шахмалын бүрэлдэхүүнд эмийн ба туслах чанарын бодис ордог. Туслах чанарын бодисоор сахар, цардуул, хүнсний сод, талькийг хэрэглэнэ. Шахмал голдуу дугуй, зууван дугуй дүрстэй бэлтгэгдэн гарна. Зарим үед шахмалын эвгүй үнэр, амтыг дарах, аятайхан хэлбэр оруулахын тулд бүрхээсээр бүрхдэг. Шахмалыг жоронд 3 дугаар загвараар 2 аргаар бичиж болно.   Нэг буюу хэд хэдэн эмийн бодисуудыг хольж тодорхой тунгаар зохих хэлбэрийг олгон шахаж бэлтгэсэн хатуу эмийн  хэлбэрийг хэлнэ. Шахмалууд янз бүрийн тунтай, янз бүрийн хэлбэртэй байж болно.  (дугариг, цилиндр, төвгөр, хоёр талдаа төвгөр, хавтгай гэх мэт). Шахмалын диаметр нь 3-25 мм байх ба үүнээс их бол бримет юм. Шахмалын дундаж жин 0,5 г байна. Нэг шахмал нь нэг удаагийн тунд тохирсон эмийн бодисуудыг агуулах ба түүн дээр хирчээс гаргаж хувааж уухад зориулна. Шахмалуудыг дотуур хэрэглэдэг. Харин сүүлийн үед гадуур хэрэглэх уусмал ба тарилгын уусмалыг бэлтгэхэд зориулагдсан шахмалуудыг хийдэг болжээ. Шахмал эмийг эмчилгээний зорилгоор  19-р зууны дундаас эхлэн хэрэглэх болсон ба энэ нь түргэн хөгжиж үрэл, нунтаг, холимог, шингэн, уусмал мэтийн зарим эмийн хэлбэрүүдийн оронд хэрэглэдэг болов. Шахмалын сайн тал нь эм найруулагчийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, удаан хадгалах, эмийн муухай үнэр амтыг далдлах бололцоотой өргөн хэрэглэдэг эмийн хэлбэр бөгөөд мөн тээвэрлэх, эмийг зөв тугнах талаараа бусад эмийн хэлбэрээс илүү сайн. 

Бичсэн: И.Ууганцэцэг | цаг: 10:48 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax